‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндчилгээ

‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндчилгээ

Эх дэлхий, байгаль орчноо хамгаалан дээдэлдэг иргэд Та бүхэндээ ‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

НҮБ 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарлаж, энэ жил “Хуванцар бохирдлыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсад 2024 оны байдлаар нийт хот хаягдлын 7.2 хувь буюу 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал эзэлж байгаа нь төр төдийгүй хувь хүн, өрх бүрийн ухамсарт оролцоог шаардсан чухал асуудал болжээ.

Монгол хүний аж төрөхүйн уламжлалт хэв маяг болох хэмнэлттэй, зохистой хэрэглээ, хог хаягдлаа байгальдаа хаядаггүй, гол мөрөн, булаг шандаа цэвэр ариун байлгадаг, хог хаягдлыг ангилах ахуйн дадал заншлыг өнөө цагийн ухамсарт сэтгэлгээ, иргэний ахуйн соёлтой хослуулах нь эрүүл орчинд амьдрах, байгаль хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндэс болох учиртай.

Эх дэлхий, эх нутгийнхаа экосистемийг хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцож, үр хойч үедээ цэвэр, эрүүл байгаль дэлхийг үлдээх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.