“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

Астана хотноо болсон “Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-д төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцож, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудыг нээлттэй хэлэлцлээ. Монгол, Казахстаны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн тогтоосон хэлхээ холбоо нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.

Дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг Казахстан улс өдгөө сансар судлалд олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тус улсын сансар судлалын хөгжилд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилготой Астана дахь Сансар судлалын төвтэй танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт бүс нутагтаа хэдийнэ гол тоглогч болсон Казахстан Улстай хиймэл дагуул, сансрын судлалыг хөгжүүлэх хүрээнд туршлага судалж, хамтарсан төслүүдэд оролцох талаар санал солилцов.

”Самрук-Казына” үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 22-т эрэмбэлэгддэг тус баялгийн сан нь 250 мянган ажилтантай, улсдаа томоохон ажил олгогч байгууллага юм. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо гээд стратегийн ач холбогдолтой бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн чиг үүрэгтэй “Самрук-Казына” үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд байдаг компаниуд IPO хийж эхэлсэн бөгөөд одоогоор бүртгэлтэй 135 компани бий. Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд туршлага судалж, эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа.