Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ

Эрхэм хүндэт Гомбожавын Занданшатар танд Монгол Улсын 34 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, улс орны хувь заяаг тодорхойлох хариуцлагатай албанд тань өндөр амжилт хүсье.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг сэргээх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадсаныг 2020 онд хасах 4.6 хувийн уналттай байсан эдийн засгийг 2024 онд 4.9 хувь хүртэл өсгөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6,898 ам.долларт хүрч Монгол Улс Дэлхийн банкны орлогын ангиллаар “дундаас дээгүүр орлоготой улс”-ын ангилалд шилжсэнээс харж болно. Зөв бодлогын үр дүнд түүхий эдийн экспортын өсөлт 2023 онд төсөв, төлбөрийн тэнцлийг ашигтай гарахад нөлөөлж, гадаад валютын албан нөөцийг 5.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Засгийн газрын өрийг сүүлийн таван жилийн хугацаанд 75.5 хувиас 41.8 хувь руу бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа анх удаа нэг шатаар дээшлүүлж, “B+ тогтвортой” түвшинд хүргэж сайжруулсан.

Харин өнөөдөр бол гадаад улс төрийн орчин, эдийн засгийн тодорхойгүй байдлаар нөхцөлдүүлсэн шинэ нөхцөл байдалд, шинэ сорилт, шийдэл хүлээсэн бодлогын түвшний асуудлууд таны өмнө тулгарч байна. Иймд шинэ Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа Та дараах асуудлуудад онцгойлон анхаарч, бодит үр дүнтэй шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    1.Макро эдийн засгийн нөхцөл байдал

Гадаад орчны тодорхой бус байдал намдахгүй харин ч улам ээдрээтэй болж байгаа өнөө үед эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах асуудал өнөөдөр тэргүүн зэргийн ач холбогдолтой байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар түүхий эдийн үнийн уналтаас нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1,2 тэрбум ам.доллараар буурсан нь төсөвт дарамт учруулаад зогсохгүй урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Төлбөрийн тэнцэл 5 сарын урьдчилсан тооцоогоор 400 гаруй сая ам.долларын алдагдалтай, урсгал тэнцэл 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх онтой харьцуулахад эхний 4 сард 14.4 хувь буюу 1.4 их наяд төгрөгөөр буурсан. Төсвийн тэнцэл 58 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үед төсвийн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын эрэмбэ, дэс дарааллыг эргэж харах, мега төслүүдийг эдийн засагт дарамт болохгүйгээр хэрэгжүүлэх гарц гаргалгаа гаргаж, гадаад, дотоод эдийн засгийн орчин, нөхцөл байдалд нийцсэн төсвийн бодлогыг тодорхойлж Улсын Их Хуралд хэлэлцүүлэх шаардлагатай байна. 

    2.Үнийн өсөлт, зээлийн хүүг эрүүл зохистой түвшинд хүргэх хүрээнд:

Иргэд, аж ахуйн нэгжүүдээ ажлын байраар хангаж, орлоготой байлгах бодлогыг Засгийн газар тууштай баримтлах ёстой. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг бууруулахгүй байхын тулд, амьдралынх нь чанарт хамгийн ихээр нөлөөлж байгаа үнийн өсөлтийг хазаарлаж, нам дор түвшинд тогтворжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Инфляц оны эхний 4 сарын байдлаар 8.6 хувьтай гарсан.

Ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих ажлыг тогтвортой хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хүнд хэцүү цагт хямд эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажлын байраа хадгалж, иргэд аж ахуйн нэгжүүд нь хохирол багатай гарсан түүх олон байдаг. Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо” зэрэг нь ажлын байрыг хадгалахын сацуу шинээр ажлын байр бий болгож, нэмэгдүүлж байгаа хөтөлбөрүүд бөгөөд салбар дундын уялдааг маш сайн хангаж, бодит үр дүн гаргах нь чухал байна.  

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн хүүгийн дарамт бодит ачаа болсоор байна. Зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой бодлого хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлийн хүүг эрүүл, зохистой түвшинд авчрах нь эдийн засгийн идэвхжлийг сэргээхэд тус дэм болоход чухал нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөнийг дэмжсэн, монополь зах зээлийн бүтэцтэй салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байж иргэд, аж ахуй нэгжүүдэд ирэх аливаа үнийн, хүүгийн дарамтыг бууруулах орчин бүрдэх юм.

    3. Гадаад худалдаа ба ханшийн асуудлын хүрээнд:

Гадаад эдийн засгийн тодорхой бус байдлаас үүдэлтэй түүхий эдийн үнийн бууралт нь урсгал дансны алдагдалыг тэлэхээр дүр зураг харагдаж байна. Урсгал данс, төлбөрийн тэнцлийн алдагдлыг шат дараатай бууруулж төгрөгийн ханшийг тогтворжуулах нь тулгамдсан асуудал болоод байна.

2025 оны эхний 4 сарын байдлаар экспортын орлого 695.0 сая ам.доллараар буурч, импорт 132.9 сая ам.доллараар нэмэгдсэн нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Иймд гадаад худалдааны бодлогыг Засгийн газрын түвшинд онцгой анхаарч, экспортын бүтцийг төрөлжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

    Төрийн албаны реформын хүрээнд:

Монгол Улсын төрийн албыг цомхон, бүтээмж өндөртэй болгох шаардлага улам бүр тодорхой болж байна. Төсвийн урсгал зардлыг бууруулах, төрийн бүтцийг цомхон, чадварлаг болгож байж үр дүнд хүрнэ гэж тооцож байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 120 гаруй төрийн өмчит, 270 орчим орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой компаниуд 58 мянга гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагын бүтээмж, үр ашиг хангалтгүй байгаа тул хувьчлах, менежментийн шинэчлэл хийх, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий.

    Татварын реформын хүрээнд:

Монгол Улсад 108 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний зүгээс татварын дарамттай холбоотой санал, хүсэлтүүд ихээр ирж байна. Эрүүл өрсөлдөөнтэй эдийн засгийн орчныг бий болгохын тулд иргэд, аж ахуй нэгжүүдэд ээлтэй татварын цогц реформ ус, агаар шиг хэрэгтэй болоод байна. Иймд Засгийн газрын зүгээс татварын реформыг оновчтой хэрэгжүүлэх, прогрессив татварын тогтолцоог бий болгох, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дарамтгүй, таатай нөхцөлд ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн идэвхжлийг дэмжих чухал алхам болно.

    Дотоодын бизнесийг дэмжих бодлого

Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэх боломжтой ажлуудыг гадаадын компаниудад шилжүүлдэг алдаатай жишгийг зогсоох цаг болсон. Үндэсний үйлдвэрлэгчдээ бодитоор дэмжих, тэдэнд өрсөлдөх, хөгжих орон зайг бий болгох нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь юм. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, завхралыг давтахгүй байхын тулд дотоодын бизнесийн орчныг илүү таатай, шударга болгоход онцгой анхаарах шаардлагатай. Үүний тулд хуулиас давсан журмуудыг цэгцэлж, хууль журмын харьцааг зохистой түвшинд хүргэснээр хүнд суртал, авлигыг үлэмж бууруулах үндэс болох учир УИХ-ын зүгээс бүрэн дэмжиж ажиллах болно.

    Эрчим хүчний найдвартай байдлыг хангах хүрээнд:

Монгол Улсын эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийн тулгуур салбар юм. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний чадлын дутагдал байнга үүсэж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээнд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1965 онд байгуулагдсан Дулааны III цахилгаан станцын хүчин чадал хуучирч, саяхан болсон осол нь шинэчлэл, засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатайг харуулж байна. Ирэх намар дулааны улирлаас өмнө тус станцын шинэчлэлийг шуурхай хийж, хэрэглэгчдийн найдвартай хэрэглээг хангах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.

    Хөдөө аж ахуйн салбарын хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:

Сүүлийн 3–4 жил дараалан зудын байдалтай, өвөлжилт, хаваржилт хүндэрч, олон малчин өрхийн амьжиргаанд хүнд ачаа үүрүүлж байна. Улсын хэмжээнд 2023 онд 8.1 сая, 2024 онд 5.2 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт томоохон хохирол учруулсан. Иймд Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, зудын эрсдэлээс сэргийлэх цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдээс олон чухал асуудлуудыг хөндөж, ажил хэрэгч саналууд гаргалаа. Эдгээр саналуудыг шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаандаа тусгаж ажиллаарай.

    Эрхэм Ерөнхий сайд аа,

Таны манлайлал дор Монгол төрийн бодлого ард түмний амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, төрийн хэмнэлттэй, үр ашигтай бүтэц, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлогууд нь шинэ Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл байх ёстойг төгсгөлийн үгэндээ хэлье.

Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай.

Эх сурвалж : parliament.mn

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд мэндчилгээ дэвшүүллээ.

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж буй нь Монгол Улс, дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн манай парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцэх юм.

Тус бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно.

‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндчилгээ

‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндчилгээ

Эх дэлхий, байгаль орчноо хамгаалан дээдэлдэг иргэд Та бүхэндээ ‘’Дэлхийн байгаль орчны өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

НҮБ 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон зарлаж, энэ жил “Хуванцар бохирдлыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсад 2024 оны байдлаар нийт хот хаягдлын 7.2 хувь буюу 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал эзэлж байгаа нь төр төдийгүй хувь хүн, өрх бүрийн ухамсарт оролцоог шаардсан чухал асуудал болжээ.

Монгол хүний аж төрөхүйн уламжлалт хэв маяг болох хэмнэлттэй, зохистой хэрэглээ, хог хаягдлаа байгальдаа хаядаггүй, гол мөрөн, булаг шандаа цэвэр ариун байлгадаг, хог хаягдлыг ангилах ахуйн дадал заншлыг өнөө цагийн ухамсарт сэтгэлгээ, иргэний ахуйн соёлтой хослуулах нь эрүүл орчинд амьдрах, байгаль хамгаалах бодлого, үйл ажиллагааны үндэс болох учиртай.

Эх дэлхий, эх нутгийнхаа экосистемийг хамгаалах үйлсэд идэвхийлэн оролцож, үр хойч үедээ цэвэр, эрүүл байгаль дэлхийг үлдээх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа.

Монгол Улс, Туркменистан Улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, 2 улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

УИХ болон Туркменистаны Межлис хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлж, цаашид Монгол, Туркменистаны найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2 талын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж буйг тодотгож, 2 улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

‘’Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’’-ийн мэндчилгээ

‘’Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’’-ийн мэндчилгээ

Улс үндэстэн, ураг төрлийн мөнх оршихуйн хэлхээ болсон Монголын хүүхэд багачууддаа ‘’Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хүүхэд, гэр бүлийн эрх зүйн иж бүрэн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд УИХ онцгой анхааран ажиллаж байна. 2025 оны улсын төсөвт хүүхдийн төлөө санд 20.6 тэрбум төгрөг баталсан нь өмнөх оноос 15% нэмэгдэж, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг олон улсын конвенцд нийцүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих чухал үүрэгтэй юм.

Энэ өдөр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг аав ээж, гэр бүлийн гишүүд, төр, хувийн хэвшил, ТББ, олон улсын байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.

Мөн Төрийн шагнал “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан мянга мянган ээжүүддээ халуун баяр хүргэе.

Аз жаргалтай үрсийн инээд хөөр амьдралд хөг нэмж, авьяаслаг ирээдүй үеийнхний зүтгэлээр Монгол орон минь цэцэглэн хөгжихийг ерөөе.

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа.

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа.

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа. Мөн тэднийг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Сурагчдын зүгээс сургуулийн орчныг сайжруулах, “Үдийн хоол” хөтөлбөрийг ахлах, дунд ангиудад хэрэгжүүлэх, электрон тамхины хэрэглээг хязгаарлах, гудамж, зам талбайг аюулгүй болгох гээд олон чухал асуудлыг хөндөж байна.

Та бүхний санал, санаачилга, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлж, эрхийг нь хамгаалах, оролцоог нь дэмжин ажиллах нь бидний тэргүүн зорилго юм.

Хүүхэд багачууд та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэж, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье.

“Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндчилгээ

“Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндчилгээ

‘’Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Дэлхий дахинд энх тайван байдлыг сахин хамгаалах зорилгоор зэвсэгт мөргөлдөөн, дотоодын зөрчилдөөнтэй бүс нутагт энх тайван тогтоох, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс 2002 оноос оролцож, дэлхийн 13 улс, бүс нутагт, нийт 16 удаа, 2300 гаруй алба хаагчаа илгээн оролцож байна.

 Энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ нэрийг олон улсад дуурсгаж яваа энхийг сахиулагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эр зориг, чанд сахилга, мэргэжлийн өндөр ур чадварыг хүсье.

 Даян дэлхийд монгол цэргийн яруу алдар бадартугай.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархалтай байна.

 Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэргээр харилцан санал солилцлоо.

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ

Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нисгэгч, экипажийн бүрэлдэхүүн, арын албаны ажилтнууд, ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын их түүхийн салшгүй нэгэн хэсгийн тод илэрхийлэл, бодит нотолгоо мөн.

Ирж буй он жилүүдэд иргэний нисэхийн салбарыг улам бүр хөгжүүлж, шинэ технологи инновацыг нэвтрүүлэн Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өндөрт өргөхийг хүсье.

Монголын иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал нь сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн,сүүн цагаан мөртэй байх болтугай.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.

Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санах юм.

Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн хамтаар Монгол Улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.