“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

Астана хотноо болсон “Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-д төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцож, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудыг нээлттэй хэлэлцлээ. Монгол, Казахстаны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн тогтоосон хэлхээ холбоо нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.

Дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг Казахстан улс өдгөө сансар судлалд олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тус улсын сансар судлалын хөгжилд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилготой Астана дахь Сансар судлалын төвтэй танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт бүс нутагтаа хэдийнэ гол тоглогч болсон Казахстан Улстай хиймэл дагуул, сансрын судлалыг хөгжүүлэх хүрээнд туршлага судалж, хамтарсан төслүүдэд оролцох талаар санал солилцов.

”Самрук-Казына” үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 22-т эрэмбэлэгддэг тус баялгийн сан нь 250 мянган ажилтантай, улсдаа томоохон ажил олгогч байгууллага юм. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо гээд стратегийн ач холбогдолтой бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн чиг үүрэгтэй “Самрук-Казына” үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд байдаг компаниуд IPO хийж эхэлсэн бөгөөд одоогоор бүртгэлтэй 135 компани бий. Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд туршлага судалж, эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа.

БНКУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Кемелевич Токаевт бараалхлаа

БНКУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Кемелевич Токаевт бараалхлаа

Нүүдлийн соёл, түүх, ёс заншлаараа гүн гүнзгий хэлхээ холбоотой Казахстан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулахад хууль тогтоох дээд байгууллагууд чухал үүрэгтэй.

БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаев далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэлээ.

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь парламент хоорондын эрх зүйн үндсээ бэхжүүлж, бүлгүүдийн олон талт харилцааг эрчимжүүлэхэд чухал юм.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар Ховд аймаг, БНКУ-ын Дорнод Казахстан муж хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай хийсэн уулзалтаар хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2 улсын хооронд шинэ маршрут бий болгох чиглэлээр санал солилцлоо.

Астанагийн Олон Улсын санхүүгийн төв, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 2 орны худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэхэд бизнесийн салбарын хэлхээ холбоо чухал юм.

БНКУ-ын Цахим засаглалын төв нь хиймэл оюун ухааныг олон салбарт урт хугацаанд хөгжүүлэх сайн туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна. УИХ-аас төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхааран ажиллаж байна.

Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэлж байна

Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэлж байна

Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон болох Казахстан улстай улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёл болон бусад салбарын харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол, БНКУ хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Элэгсэг дотно угтан авсан БНКУ-ын Парламентын Мажилисийн дэд дарга А.Рау тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлье.

Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ

Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлитай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Айлчлалаар ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны парламент хоорондын харилцаа улам бэхжиж байна.

Тус улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, чиглэлээр хонины ноос хяргах орчин үеийн техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэхээр боллоо.

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли хоёр улсын харилцаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжсөөр байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимд 1996 оноос хойш сонгогдон ажиллаж буй гишүүний хувьд тэрбээр Монгол, Шинэ Зеландын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрбээр, Монгол Улс 1992 оноос хойш парламентын засаглалаа бэхжүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх зэргээр шаргуу ажиллаж буйг сайшаалаа. Монгол Улсын Их Хурлын “Гурван төгөлдөршил”-ийн бодлого дахь хууль цаг үеэ дагаж өөрчлөгддөг байх зарчим нь Шинэ Зеландад чухал шаардлагатай байгаа талаар дурдлаа.

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г угтан авлаа

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-г Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.09.02) Төрийн ордонд албан ёсоор угтан авч мэндчиллээ. 

Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн түүхэнд анх удаа парламентын удирдлагын түвшний албан ёсны айлчлал бөгөөд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж : parliament.mn

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Р.Батболд, М.Энхцэцэг, Д.Энхтүвшин, Б.Мөнхсоёл, П.Ганзориг нар өнөөдөр (2025.09.01) Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважав тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Татварын багц хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар санал солилцлоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авч буй энэ цаг үед танхимын төлөөлөлтэй ярилцаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалсан Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэдэд татвар ээлтэй байх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө d.parliament.mn-д байршуулсан учраас уг асуудалд МҮХАҮТ-ын төлөөллийн санал, хүсэлтийг харгалзах нь чухал хэмээн онцоллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Лхагважавын зүгээс компани, аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрийн байдлаар 253 хууль биелүүлж, түүнийг дагалдан гарсан журам бүрийг хэрэгжүүлж байгаагаас шалтгаалж, өсөж өндийх боломж хумигдаж байна гэв. Тиймээс төрийн хүнд суртлыг арилгах, зохисгүй олон журмыг үгүй болгох УИХ-ын үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хуулиудаар хувь хүнд татварын ачаалал их байгааг хөнгөлөх шаардлагатай талаар дурдав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, татварын багц хууль нь өрхийн орлогыг хамгаалахад чиглэсэн гэдгийг тодотгоод зөвшөөрөл, журмаар аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдэд хүнд суртал үүсгэдэг асуудлыг цэгцлэхээр шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, 1997 оноос хойш шинэчлэгдээгүй Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар шинэчлэхээр ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Татварын багц хуулийн ажлын хэсэг нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах зорилготой, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, төрийн өмчит компаниуд зах зээлд томоохон байр суурь эзэлдэгт анхаарал хандуулах шаардлагатай, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх, УИХ-ын гишүүн Р.Батболд, арбитрын шүүхийн асуудал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг нь ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр ажиллаж буй талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлсэн бөгөөд Цахилгаан хангамжийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран ажиллаж, зөвлөмж авч ажиллах нь тухайн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой төдийгүй бизнес эрхлэгчдийг төлөөлж буй МҮХАҮТ нөгөө талаас чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчийн эрх ашгийг хангадаг байхад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатайг онцлов

Эх сурвалж : parliament.mn

Эх хэлний өдөр, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэм номд шамдан суралцагч оюутан, сурагчид аа,

Эцэг эх, асран хамгаалагчид аа,

Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улс боловсролыг хамгийн эрхэм үнэт зүйл, хөгжил дэвшлийн гол хүч хэмээн үздэг. Өнөөдөр бид зөвхөн сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй, харин сурагч бүрийн сургалтын таатай орчин, сэтгэлзүйн эрүүл байдал, нийгмийн харилцаа зэрэг цогц асуудалд илүү гүн анхаарах цаг үе ирээд байна.

Өнөөдөр хүүхэд бүр сургуульдаа ирээд аюулгүй, эрүүл, эерэг орчинд суралцах эрхтэй. Энэ зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй сургуулийн үдийн хоолны хөтөлбөр нь зөвхөн өл залгах төдий бус, эрүүл мэнд, өсөлт хөгжил, суралцах идэвхэд чухал нөлөөтэй үндэсний бодлого юм. Үүнийг чанар, хүртээмжийн хувьд улам сайжруулж, хүүхэд бүрийг ялгаваргүй хамруулах нь бидний зорилт билээ.

Сурагчдын суралцах сургалтын орчин, анги танхим, спорт, урлагийн боломж, номын сан, мэдээллийн технологийн дэд бүтэц зэрэг нь боловсролын чанарыг тодорхойлогч хүчин зүйл юм. Тиймээс төрөөс эдгээрт онцгойлон хөрөнгө оруулж, бүх хүүхдэд тэгш боломж олгох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Эх хэлээ дээдлэн хамгаалж, боловсролын үнэ цэнийг эрхэмлэн, эрүүл, аюулгүй, хүнлэг сургалтын орчин бүрдүүлэх нь бидний хамтын зорилго билээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа.

Түүх соёл, өв уламжлалын хэлхээ холбоотой БНКУ нь манай улсын Төв Ази дахь чухал ач холбогдолтой түнш бөгөөд бүх салбарт идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн.

Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа шат ахин “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

“Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудад зохион байгуулагдаж буй дугуйн аялалд оролцлоо

“Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудад зохион байгуулагдаж буй дугуйн аялалд оролцлоо

3 ӨДӨР 320 ГАРУЙ КМ ЗАМЫГ ДУГУЙН СПОРТЫН 12 КЛУБЫН 50 ОРЧИМ ТАМИРЧИНТАЙ ТУУЛЖ, БАРУУН БҮСЭД ДУГУЙН СПОРТЫГ ХАМТДАА СУРТАЛЧИЛЛАА.

Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалах, орон нутаг, баруун бүсэд дугуйн спортыг хөгжүүлэх, олон улсын дугуйн холбооны /UCI/ календарт оруулж, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудаарх дугуйн аялалд оролцлоо.

Баруун бүсийн аймаг хоорондын авто зам сайжирсан учраас дугуйн спорт хөгжих бүрэн боломжтой талаар тамирчид ярьж байна. Цаашлаад Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн авто замууд ашиглалтад орсноор 2000 гаруй км тойрог хэлбэрийн авто замаар бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах боломжтой.

“Tour of Mongolia 2025” -ын тамирчид ийнхүү Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудаар нийт 6 өдөр, 603 км замыг туулж, шилдгүүдээ шалгаруулна. Нийт баг, тамирчдадаа амжилт хүсье.

Залуучууд та бүхэн тээврийн хэрэгслээр ашиглах боломжтой, эрүүл мэндийн олон ач холбогдолтой дугуйн спортоор хичээллэхийг уриалж байна.