Төрийн бүтээмж

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд хуулийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, салбар хоорондын уялдаа холбоог хангуулах, орон нутгийн засаг захиргааны удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх зэрэг асуудлыг хариуцаж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын харьяа байгууллагуудын үзүүлж буй төрийн үйлчилгээ, хоцрогдсон дүрэм журмаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээлийг бууруулах, улмаар төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх томоохон зорилго бүхий процессын дахин инженерчлэлийн ажлыг эхлүүлээд байна.
Өнгөрсөн онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийн давхардал, үргүй зардлыг бууруулах зорилготой шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар улсын төсөвт үйлдвэрийн газар 44 байсныг 41, төрийн өмчит үйлдвэрийн газар 26 байсныг 18, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани 114 байсныг 90 болгон тус тус цөөллөө.
Засгийн газраас 2021-2023 онд ил, тод нээлттэй байдлыг бүх талаар хангах зорилтыг онцгойлон дэвшүүлж ажилласны үр дүнд “Хөгжлийн банк” дампуурах эрсдэлээс ангижирч, “Эрдэнэс монгол”, тэр дундаа “Эрдэнэс тавантолгой” зэрэг компанийн үр ашигт ажиллагаа ихээхэн нэмэгдээд байгааг дуулгахад таатай байна.
Цаашид төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн албаны хүний нөөцийн удирдлага, менежментийг сайжруулах, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Төрийн өмчит компаниудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулав.

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийн давхардал, үргүй зардлыг бууруулах зорилготой шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2023 оны 3 дугаар улирлын байдлаар улсын төсөвт үйлдвэрийн газар 44 байсныг 41, төрийн өмчит үйлдвэрийн газар 26 байсныг 18, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани 114 байсныг 90 болгон тус тус цөөллөө.

Тухайлбал Эрдэнэс Монгол ХХК-ийн харьяаны 39 компаниас 12-ыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авсан бөгөөд ТУЗ-ийн 269 гишүүн байсныг 66 болж бууруулаад байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг залруулав.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны улсын төсөвт Эрдэнэс Тавантолгой ХК 500 сая ам.доллар төвлөрүүлэх, үйл ажиллагаанд үүсээд буй доголдлыг арилгах чиглэл өгсөн ч хангалттай түвшинд биелэгдээгүй. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 26-нд Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд:

Нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов

Монгол Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 449 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй 7 гэрээг нууцаас гаргасан. Улмаар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 2 гэрээ, “Богдхан” төмөр замын бүтээн байгуулалтай холбоотой 3 гэрээ, Загийн усны хоолойн болон далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой тус бүр 1 гэрээг нууцаас гарган олон нийтэд нээлттэйгээр байршууллаа.

 

Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, экспортыг нэмэгдүүлсэн

Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр анх удаа зохион байгуулж эхэлсэн. Нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр борлуулснаар коксжих нүүрсний үнэ тонн тутамд 80-115 ам.доллар байсныг 119.1-182.1 ам.долларт, эрчим хүчний нүүрсний үнэ тутамд 37 ам.доллар байсныг 58.7-73.3 ам.долларт хүргэсэн. Түүнчлэн компанийн 12 жилийн хугацаанд нийт 212 мян.тн сул коксжих нүүрс борлуулж байсан бол 2023 онд 74.3-124.6 ам.доллараар 2.8 сая тонныг борлууллаа.

 

Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв

Онцгой дэглэм тогтох үеийн санхүүгийн үзүүлэлтийг эрс сайжруулж, худалдан авагчдад өгөх өр төлбөр 582 сая ам.доллар байсныг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдууллаа. 1.7 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн дутагдалтай байхаар баталсан төсвийг сайжруулж, 385 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн эерэг үлдэгдэлтэй гаргажээ.

 

Онцлох тоо

  • Онцгой дэглэм тогтоосон 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш 12 сарын хугацаанд 3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 32.8 сая тонн нүүрс борлуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 2022 онд 1.1 тэрбум ам.доллар буюу компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн ба компанийн түүхэн 12 жилийн хугацааны нийт борлуулалтын 28%-ийг онцгой дэглэм тогтоосон 12 сарын хугацаанд гүйцэтгэв.
  • Өмнөх үетэй харьцуулахад борлуулсан нүүрсний хэмжээ 3.9 дахин, тээвэр 3.5 дахин, экспорт 2.2 дахин, орлого 3.6 дахин, олборлолт 3.1 дахин тус тус өссөн.
  • 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 2.8 тэрбум ам долларын үнэлгээтэй 27.4 сая тонн нүүрс борлуулсан ба үүнээс 1.9 тэрбум ам.долларыг дансанд төвлөрүүлж, Монголбанканд 1.6 тэрбум ам.доллар тушаасан.
  • Нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон энэ онд төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөв.

Төрийн өмчит уул уурхайн бүх компаниудыг нэгдсэн удирдлагад оруулах, засаглал, үйл ажиллагааг сайжруулахаар Эрдэнэс Монгол ХХК-ийг шинэчиллээ. Компанийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд чадварлаг хүний нөөц шаардлагатай учраас 2023 оны 1 дүгээр сард 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Ажлын сайн туршлагатай, боловсролтой, чадварлаг ажилтан төрийн өмчит компанид өөрийн мэдлэг чадвараа зориулах боломжийг бий болгосноор ТӨК-иуд шинэчлэгдэх, үр ашигтай ажиллах боломж бүрдэж байна.

Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбар яамдад шилжүүлэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэрэгжүүлдэг 26 чиглэлийн хяналтын 13-ыг нь төрийн бусад 13 байгууллага давхардуулан хэрэгжүүлж байсан. Энэ нь иргэн, аж ахуй нэгжид хүндрэл учруулж, дарамт үүсгэж байлаа. Тиймээс давхардсан хяналтыг зогсоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын чиг үүргийг салбар яамд руу шилжүүлэх арга хэмжээ авлаа. Ингэснээр иргэн, бизнес эрхлэгчдэд ирэх давхардсан хяналт шалгалтууд үгүй болж, бизнесийн үйл ажиллагааг дэмжин, илүү бодитой байх боломж нэмэгдэж байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар байгууллаа.

Засгийн газар, төрийн албаны оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг 2023 онд байгууллаа.

Тус байгууллага нь хувийн хэвшлийг хянахын оронд төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • хууль ёсыг сахиулах;
  • сахилга, хариуцлагыг дээшлүүлэх;
  • бүтээмжийг нэмэгдүүлэх;
  • хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах;
  • Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд хяналт тавих.

Шүүр ажиллагаа явуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ хүрээнд төрийн бүх  шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх хууль бус томилгоог илрүүлж, зохих арга хэмжээ авах зорилготой “Шүүр” ажиллагааг 2023 оны 2 дугаар сараас эхлэн явуулж байна.

Тухайлбал төрийн байгууллага, төрийн өмчит компанид хууль бусаар томилогдсон, мэргэжлийн ур чадварын шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон ч албан тушаалд томилогдсон, ХОМ мэдүүлээгүй, авлига, албан тушаалтын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг зөрчилтэй бол ажлаас чөлөөлөгдөх арга хэмжээ авахыг зохион байгуулсан. 2023 оны 12 дугаар сарын байдлаар төрийн бүх шатны 3,387 байгууллага хэрэгжилтийн тайлан, мэдээг ирүүлжээ. Уг тайлан мэдээллээр 481 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, 1,344 албан тушаалтны зөрчлийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулаад байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2023 оны 7 дугаар сараас эхлэн 3 сарын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа хөдөлмөр, халамж болон нийгмийн даатгалын салбаруудад процессын дахин инженерчлэлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэ бол төрийн байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, төрийн албан хаагчдын ажлын чиг үүрэг, уялдаа холбоо, ачааллыг тооцсон томоохон суурь судалгаа юм. Судалгаагаар иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэдэг, нөгөө талаас ажилтан албан хаагчдад дарамт болж буй 1000 гаруй эрсдэл байгааг тогтоож, сайжруулалтыг шат дараатайгаар хийж эхэллээ.

Тухайлбал, сард дунджаар хөгжлийн бэрхшээлтэй 6500 орчим иргэн групп тогтоолгох хуралд биечлэн оролцдог. Тэд харгалзах нэг хүний хамт өдөрт 7 орчим цагийг зарцуулдаг байжээ. Зарим иргэн харьяалалынхаа дагуу хөдөө орон нутаг руу явж, тэр хэрээр зардал их гардаг байна. Иймд групп тогтоох хуралд иргэн олон дахин биеэр очих шаардлагыг халах, процесс дахь алдаатай асуудлыг залруулах арга хэмжээг авч байна. Энэ мэтчилэн цаашид иргэн үйлчилгээ авахад шат дамжлагагүй болгох, хүндрэл, чирэгдлийг бууруулах ажлууд хийгдэнэ. Процессын дахин инженерчлэлийн дараагийн судалгаа эрүүл мэнд, байгаль орчны салбарт хийгдэнэ.

ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээнд судалгаа хийж, процессын дахин инженерчлэлийн ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд ХНХЯ-нд явуулсан судалгаа, хийгдэх ажлууд бэлэн боллоо.
✅Иргэн зөвхөн иргэний үнэмлэхээрээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ авах боломжтой болж байна. Нийгмийн даатгал нь иргэдэд 96 үйлчилгээ үзүүлдгийн 70% нь цаасаар, нийгмийн халамж нь 72 үйлчилгээ үзүүлдгийн 68% нь цаас нэхэж байна. Харин ЗГХХГ-аас эдгээрийн 53-ыг цаасаар нэхэх шаардлагагүй гэж үзлээ.
✅Нэг ч иргэн групп тогтоох хуралд өөрийн биеэр очих шаардлагагүй. Эмнэлэг хяналтын хурал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал нь иргэнийг биеэр ирж хуралд оролцуулдаг нь дунджаар 1 иргэн 455 минутын хугацаа зарцуулж байна. Энэ хэрээр ихээхэн зардал, чирэгдэл учирдаг. Тиймээс хурлуудыг нэгтгэж, дахин биеэр ирдэг процессыг болиулж байна.
✅Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар иргэдтэй хамгийн их тулж ажилладаг ч дамжлага их, цаасан суурьтай процесстой гэж хэлж болно. Тиймээс төрийн үйлчилгээний байгууллага иргэний өмнөөс архивын лавлагаа авах, цахимаар дуудлага хийх, чат бичих, цаг захиалах зэрэг хялбар процессыг бий болгож байна.
Эдгээр шинэчлэлийг хийж чадсанаар үйлчилгээний хүртээмж 2 дахин нэмэгдэж, иргэн төрийн үйлчилгээг асуух бус төр үйлчилгээгээ санал болгодог процесс бий болж байна. Төр үйлчилгээнийхээ стандартыг шинэчилснээр иргэнд хүрч буй үйлчилгээ хялбар бөгөөд энгийн болох юм.

Нэгдсэн судалгааны санг үүсгэв.

Төрийн байгууллагууд жил бүр судалгаа, шинжилгээнд багагүй хөрөнгө зарцуулж байгаа боловч түүний үр дүн, дүгнэлтүүдийг төрийн бодлого, шийдвэрт хангалттай ашиглахгүй байна.

Тиймээс 2023 оны 6-р сард судалгааны нэгдсэн цахим санг хөгжүүлж, өмнөх хугацаанд хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлуудыг нэгтгэсэн платформыг үүсгээд байна. 2024 оны 1 дүгээр сарын байдлаар www.sudalgaa.gov.mn сайтад Монгол Улсын яам, агентлаг, аймгийн ЗДТГ-ын нийт 77 байгууллага дээр бүртгэл үүсгэж, төсвөөр хийсэн 1,000 гаруй судалгаа нэгтгэгдээд байна.

Үүний үр дүнд төрийн ой санамж сайжирч, бодлого шийдвэр боловсруулах чадвар нэмэгдэхээс гадна байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа тодорхой дээшлэх нөхцөл бүрдэж байна.

Ураны салбарт Монгол Улс

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано майнинг САС” компани хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-нд Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад, монгол хүнд илүү өгөөжтэй байх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд 30 жилийн хугацаанд нийт 3,2 тэрбум долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэх урьдчилсан тооцоолол гарсан. Хэлэлцээ хийхтэй холбогдуулан ажлын 6 дэд хэсэг байгуулагдан ажиллаж байна.

МОНГОЛЫН УРАН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД

Монгол Улсын ЗГ болон Францын “Орано майнинг САС” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр Парис хотод 2023 оны 10-р сарын 12-ны өдөр хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина. ЗГ урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж, Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, Монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн амар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцлөө Францын талтай урьдчилан тохиролцлоо. Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ. Олон сая жилийн туршид байгальд үүсч хуримтлагдсан, дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ардчилсан ертөнцийн тэргүүлэх гүрний нэг, гуравдагч хөрш Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологоор хамтран ашиглана. Францын ЗГ “Орано” группын 89,99 хувийг хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагсадтай, дэлхийн ТОП 3 компанийн нэг юм. Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна. Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой. Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ. Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 2 дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2 дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид бүтэц зөв бол бүх зүйл зөв гэдэг зарчмаар өөрчлөлт эхлүүлж, олон жил гацаж хүлээгдэж байсан томоохон төслүүд нь ийнхүү хөдөлж эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй айлчлалын үеэр гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, мега төслүүдээ хөдөлгөх зэрэг бодит үр дүнгүүд гарсан яриа хэлцлүүд өрнөж байна.

Орон нутгийн нислэгийг сэргээв

Монгол Улсын Засгийн газраас орон нутгийг хөгжлийг шинэ түвшинд хүргэх, хот хоорондын тээвэр, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Баруунаас зүүн тийш 2392 км, хойноосоо урагш 1259 км газар нутагтай Монгол Улсын хувьд орон нутгийн нислэг зайлшгүй байх ёстой зүйл юм. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн үйл ажиллагаа буурахын зэрэгцээ, зарим чиглэлд зогсонги байдалд орсон.
Өнгөрсөн хугацаанд эрсдэл багатай, илүү ашигтай буюу уул уурхайн салбарын захиалгат нислэгүүд түлхүү нэмэгдэн, улмаар орон нутгийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаа компаниудын хувьд 2 дугаарт тавигдах болжээ.
Орон нутгийн нислэгийг тогтмолжуулах, улмаар үнэ тарифыг бууруулахад нэг бол компаниудад улсын төсвөөс дэмжлэг, татаас, татварын хөнгөлөлт үзүүлэх эсвэл шинэ өрсөлдөгчийг зах зээлд нэвтрүүлэх бодлогын сонголтын өмнө байсан. Аль ч тохиолдолд иргэд, жуулчид урьдчилан төлөвлөх боломжтой, үнэ тарифын хувьд авто тээвэртэй өрсөлдөхүйц, байнгын тогтмол орон нутгийн нислэгийг бий болгох нь чухал юм.
Иймд Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн хуваарьт нислэгүүдийг сэргээх, үнэ тарифыг бууруулах асуудлыг судалж үзсэний үндсэн дээр МИАТ компанийг орон нутагт нислэг үйлдүүлэх, дотоодын авиа компаниудтай өрсөлдүүлэх шийдвэр гаргасан.
Цаашид орон нутгийн нислэг үйлдэх сонирхолтой авиа компаниуд чөлөөтэй өрсөлдөх, энэ салбарт орж ирэхийг Засгийн газраас дэмжих болно.
Аж ахуйн нэгжүүд зах зээлийн давамгай байдал, тусгай зөвшөөрлөө ашиглан үзүүлж буй үйлчилгээ, нийлүүлж буй бүтээгдэхүүнээ хязгаарладаг, үнийг нь өсгөдөг, зохиомол хомсдол үүсгэдэг үзэгдэл байх ёсгүй.
Иймд 2023 оны 6 дугаар сард үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани орон нутгийн нислэгээ сэргээсэн юм.