Монгол Ардын Нам өнгөрсөн хугацаанд

  • “Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал – шийдэл”,
  • “Хүний эрхийн талаарх олон нийтийн хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа”,
  • “Дотоодын 800 орчим хуулиас хүний эрхийн зохицуулалт бүхий 318 хууль тогтоомжид хийсэн дүгнэлт” зэрэг судалгааг мэргэшсэн, хараат бус судлаачдаар хийлгэлээ.

Энэ нь Монгол Улсад анх удаа эрх барьж байгаа намын санаачилгаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг судалж үзсэн явдал болсон.

Судлаачдын дүгнэлтэд хүний эрхийг бүрэн хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд хүний эрхийн зөрчил, хязгаарлалт үүсгэсэн байж болзошгүй 800 орчим заалтыг өөрчилж шинэчлэх шаардлагатайг дурджээ. Бид өнгөрсөн хугацаанд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг иргэний улс төрийн эрх чөлөө талаас хүний эрхийг ойлгож ирсэн. Харин иргэдээс авсан судалгаагаар дийлэнх олонх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгмийн эрхийг хамгийн чухалд тавьж байгаа нь тодоор харагдлаа.

Иймд Монгол Ардын Нам социал демократ үзэл баримтлалтай, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлийг эрхэм болгодгийн хувьд хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаалах төлөвлөгөөгөө 2021 онд болсон 30 дугаар Их Хурлаараа баталсан юм.

Хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлого, хэрэгжилт

Монгол Ардын нам монголын улс төрийн намуудын түүхэнд анх удаа “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал”, “Хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, хэрэгжилтийг тодорхойлох”, “Дотоодын 318 хуульд хүний эрхийн асуудлыг тусгасан байдал” зэрэг нарийвчилсан судалгааг мэргэшсэн, хараат бус судлаачдаар шинжлэх ухааны үндэстэй, өргөн цар хүрээнд хийлгүүлсэн.

Эдгээр судалгаанд “Нийгмийн улс төрийн харилцаа, засаг төрийг удирдах, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж, янз бүрийн түвшний шийдвэр гаргахад болон төрийн байгууллага, албан тушаалтныг сонгох сонгуульд бие даан чөлөөтэй оролцох эрхийг бодитой хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хүндрэл учруулах, ялгаварлан гадуурхах аливаа илрэлийг арилгаж, энэ бүх хүрээнд иргэдийн эрх тэгш байдлыг төлөвшүүлэх явдал шаардагдаж байна” гэх дүгнэлт гарсан.

Энэ нь 2001 онд хийгдэж байсан судалгааны үр дүнтэй ижил байгаа нь Монгол Улс 20 жилийн хугацаанд Хүний үндсэн эрхийг хангах асуудалд хангалттай ахиц, дэвшил гаргаагүй болохыг нотолж байна.

Иймд Монгол Ардын Намын 30 дахь Их Хурлаас “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн аргачлал сайжруулах дэвшилтэт бодлого”-ын тухай 11 дүгээр тогтоолыг баталж, намаас сонгогдож томилогдсон, улс төрийн болон төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын харилцаа хандлагад өөрчлөлт оруулж, хүний эрхийг дээдэлсэн соёлыг хэвшүүлэх, нийт гишүүдийн 10 хувийг хүний эрхийн хамгаалагч болгон бэлтгэх зэрэг 5 чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтсон.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор намын дэргэд “Хүний эрх дэвшилтэт бодлого”-ын хүрээлэнг байгуулж, дээрх судалгаануудад дурдагдсан хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор нийтийн ашиг сонирхол хөндсөн хуулийн төслүүдийг салбарын эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж 8 хуулийн төсөлд 144 санал боловсруулан холбогдох ажлын хэсэг, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт хүргүүлсэн байдаг.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо зэрэг мэргэжлийн, бие даасан байгууллагуудтай хамтран “Хүний эрх хамгаалагч – 30.000” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэн, улмаар аймаг, сумын намын хороодтой хамтран 2022 онд 21 мянга орчим намын гишүүдэд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа.

Улмаар салбар салбарт хүний эрхийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хамгаалалтыг дээшлүүлснээр парламентын ардчилсан засаглалыг бэхжүүлэх, урт хугацаанд иргэдийн дундах боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, тэгш бус, орлогын ялгаатай байдал буурах ач холбогдолтой юм.

Жендэрийн эрх тэгш байдал

Хүний эрх, эрх чөлөөг хангах, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох хамгийн чухал, суурь асуудлуудын нэг бол жендэрийн эрх тэгш байдлыг хангах явдал мөн. Улс төр, нийгэм эдийн засаг, гэр бүлийн зэрэг бүхий л харилцаанд аль ч хүйс ижил тэгш эрхтэй байх ёстой.

Гэвч өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүйсийн талаарх хуучин цагийн хэвшмэл буруу ойлголт, түүнээс улбаатай асуудал бэрхшээл нийгэмд тулгамдсаар байна. Тухайлбал 2021 оны судалгаагаар 2 эмэгтэй тутмын нэг нь жендэрийн хэвшмэл ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх хандлагатай байгаа талаар дурдсан байдаг. Энэ нь манай нийгэмд хүйсээр ялгаварлах байдал зарим талаар хэвээр хадгалагдсаар байгааг илтгэж байна.

Иймд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад төр, төрийн бус байгууллага, улс төрийн нам, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагууд бүхий л талаар санаачилга гаргаж, хамтран ажиллах нь зүйтэй юм.

Хэвшмэл буруу ойлголтыг залруулах, орчин цагийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг дээшлүүлэхэд шийдвэр гаргах түвшин, тэр дундаа эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх нь туйлын чухал байна.

Нэг ёсондоо шийдвэр гаргах түвшин дэх хүйсийн тэнцвэр хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүд ажил, карьерын төлөвлөлтөө гутранги байдлаар гаргаж, өөрсдийн потенциал, мэдлэг боловсролоо дутуу ашиглахад хүргэж байна.

Иймд Монгол Ардын Нам болон бусад намуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлэг, санаачилгын үр дүнд УИХ-аас 2023 онд парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх талаар хууль, эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хийсэн.

Тухайлбал УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог системийг нэвтрүүлж, жагсаалтад нэгийг харьцах нэг зарчмаар эрэгтэй, эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх, жендэрийн 20 хувийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувьд байх зохицуулалтыг тусгасан.

Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтийг хүйсийн тэнцвэрт байдалтай уялдуулаад байна.

Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулав

Монгол Улсын чөлөөт, ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, агуулга зорилго бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх, олон улсын гэрээ конвенцод тусгагдсан иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын суурь эрхүүдийг баталгаажуулж чадсан байдаг.

Хуучин нийгмийн хууль, эрх зүйн орчныг ардчилал, хүний эрхийн олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, шинэчлэн сайжруулах, хүмүүнлэг, иргэний нийгмийн бүтэц, байгууллагууд байгуулах ажил эрчимтэй хийгдэж, өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Өнгөрсөн 30 гарам жилийн хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх тал дээр багагүй амжилт гаргасан нь олон улс, тэр дундаа Ази тивдээ өндрөөр үнэлэгддийг дурдах нь зүйтэй юм.

Гэхдээ бид өнөөдрийн ололт, амжилтыг улам лавшруулах, бүх талаар хүний эрхийг хангахын тулд төр засгийн хувьд ч, чөлөөт хэвлэлүүдийн хүрээнд ч, иргэний нийгмийн оролцоо, манлайллын өнцгөөс ч хийж хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай асуудлууд байсаар байгааг бид мэднэ.

Монгол Улс 1993 онд Австри Улсын Вена хотод болсон Хүний эрхийн дэлхийн бага хуралд оролцож, Венийн Тунхаглал, Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх амлалт авч 2001 он Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулж, 2003 онд Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрөө баталж дэлхий нийтийн хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах хүчин чармайлт, санаачилгад нэгдсэн.

Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн үндэсний комисст нийт 10469 өргөдөл гомдол иргэдээс иржээ. Гомдлын хувьд хөдөлмөрлөх эрх, шүүхээр шударгаар шүүлгэх эрх, халдашгүй чөлөөтэй байх, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх, хүүхдийн эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой асуудал нийтлэг байна.

Хүний эрхийн Үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 удаагийн илтгэлд хамгийн олон удаа туссан хүний эрхийн асуудлыг харвал хөдөлмөрлөх эрх 13 удаа, хүүхдийн эрх 12 удаа, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх 11 удаа, сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх тус бүр 9 удаа, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх 8 удаа, жендэрийн эрх тэгш байдал, эрүү шүүлтээс ангид байх эрх тус бүр 7 удаа, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх тус бүр 6 удаа байгааг анхаарлдаа авч ажиллах шаардлагатай байгааг илтгэж байна.

Монгол Улсад хүний эрхийг хангахад тулгамдсан асуудал, холбогдох хууль эрх зүйн орчныг шинэчлэх цогц ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 2003 онд “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан ч, зарим талаар хэрэгжилт хангалтгүй байгаа нь үнэн.

Тодруулбал, 2011 оны байдлаар 243 зорилтоос бүрэн хэрэгжсэн 7, тодорхой үр дүн гарсан 144, хэрэгжиж эхэлж байгаа 36, хэрэгжүүлээгүй 56 зорилт байжээ. 2022 оны хагас жилийн байдлаар 243 зорилтоос бүрэн хэрэгжсэн 26, хэрэгжилт ахицтай 63, хэрэгжилт удаашралтай 83, хэрэгжилт муу 71 зорилт байна.

Иймд энэхүү хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, түүнчлэн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд батлах ёстой зорилтот хөтөлбөрүүдтэй уялдуулах нь чухал байна.

Энэ асуудлыг анхааралдаа авч, бодлогын зөвлөмж, шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Хүний эрхийг хангах Үндэсний хороо Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 350 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байна.

Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал

Өнгөрсөн 30 гарам жилийн хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх тал дээр багагүй амжилт гаргасан нь олон улс, тэр дундаа Ази тивдээ өндрөөр үнэлэгддийг дурдах нь зүйтэй юм.

Улс орнуудын хөгжил, хүний эрх, эрх чөлөө, ардчилалын нөхцөл байдалд үнэлгээ өгч эрэмбэлдэг олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудаас гаргадаг индексээр Монгол Улс дараах үзүүлэлттэй байна.

  • Эрх зүйт ёсны индексээр 2023 оны байдлаар 142 орноос 64 дүгээрт
  • Хүний эрх чөлөөний индексээр 2020 оны байдлаар 165 орноос 51 дүгээрт
  • Авлигын төсөөллийн индексээр 2022 оны байдлаар 180 орноос 116 дугаарт
  • Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2023 оны байдлаар 180 орноос 88 дугаарт
  • Хүүхдийн эрхийн индексээр 2023 оны байдлаар 193 орноос 93 дугаарт
  • Жендэрийн тэгш бус байдлын индексээр 2021 оны байдлаар 195 орноос 76 дугаарт
  • Хүний хөгжлийн индексээр 195 орноос 96 дугаарт
  • Либерал ардчиллын индексээр 2023 оны байдлаар 179 орноос 77 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

Энэ мэтчилэн олон улсын байгууллагуудаас хийдэг төрөл бүрийн индексээр бид хаана байгаагаа хэмжиж ирсэн.

Тэгвэл өнгөрсөн онд 21 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн нөхцөл байдал, зөрчил ямар байгааг баримтжуулан, арга хэмжээ авч сайжруулахын тулд анх удаа Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох шаардлага үүссэн байсан.

Иймд орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлын үнэлгээг анх удаа гүйцэтгэсэн.