Намын шинэчлэл
Миний бие 2016 оны 7 дугаар сарын 18-нд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар намын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, ялангуяа шат шатны сонгуульд амжилттай бэлтгэхийг үндсэн чиглэл болгон ажилласан.
Аливаа ажлыг хийхэд судалгаа шинжилгээ, нийтийн санаа бодолд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна гэсэн зарчмаар ажлаа эхлүүлсэн. Тиймээс олон нийт, намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсох, санал, хүсэлтийг нь улс төрийн бодлого, үйл ажиллагаандаа тусган ажилласнаар Монгол Ардын нам илүү үр дүнд хүрнэ гэсэн зорилгоор бүтцийн шинэчлэлийг хийж хэрэгжүүлсэн.
Улс төрийн намыг нийгмийн тодорхой анги, нийтлэг бүлгийн ашиг сонирхлыг төлөөлнө гэхээсээ илүү нийгмийг бүхэлд нь төлөөлсөн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх улс төрийн институци талаас нь авч үзсэн. Хамгийн гол нь оновчтой бүтэц, зохион байгуулалтай, тогтвортой үзэл баримтлалтай, хүний нөөц сайтай нам байх асуудлыг чухалчилж байлаа.
Товчхондоо шинжлэх ухаанч, мэргэшсэн улс төрийн институци болох асуудлыг эн тэргүүнд тавьсан юм. Ийм байхын тулд бодлогын судалгаа хийх чадвартай эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны бие даасан чадварлаг байгууллагатай байх нь тун чухал байлаа. Энэ үүргийг 1955 оноос хойш Эрдэм судлалын хамгийн нэр хүндтэй байгууллага байсан МАН-ын дэргэдэх сургалт, судалгааны Стратеги Академи биелүүлсээр ирсэн байдаг. Тус академийг 2019 оноос эхлэн Үндэсний хэмжээний орчин үеийн тинк танк байгууллага болгох зорилгыг тавин ажиллалаа. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бүтцийн болон үйл ажиллагааны шинэчлэлүүдийг хийж, судалгааны цар хүрээ, чиглэлийг нэмсэн. Мөн улс төрийн боловсролыг олгох зорилготой “Улс төрийн боловсролын институт”-ыг байгуулж үеийн техник технологийн дэвшил, сургалтын шинэ арга зүйг ашиглан, намын гишүүд, шат шатны удирдах 15.000 албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа.
Улс төрийн нам өөрийн үзэл баримтлал, бодлогоо түгээн дэлгэрүүлж чадахгүй бол оршин тогтнох аргагүй. МАН социал демократ үзэл баримтлалаа тодотгон, хүний эрхийг хамгаалж, бүрэн эдлүүлэхийн төлөө 5 үндсэн чиглэл бүхий 25 дэд зорилттой намын хөтөлбөрийг 2021 онд шинэчлэн баталсан.