Ураны салбарт Монгол Улс
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано майнинг САС” компани хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-нд Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад, монгол хүнд илүү өгөөжтэй байх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд 30 жилийн хугацаанд нийт 3,2 тэрбум долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэх урьдчилсан тооцоолол гарсан. Хэлэлцээ хийхтэй холбогдуулан ажлын 6 дэд хэсэг байгуулагдан ажиллаж байна.
МОНГОЛЫН УРАН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД
Монгол Улсын ЗГ болон Францын “Орано майнинг САС” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр Парис хотод 2023 оны 10-р сарын 12-ны өдөр хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина. ЗГ урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж, Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, Монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн амар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцлөө Францын талтай урьдчилан тохиролцлоо. Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ. Олон сая жилийн туршид байгальд үүсч хуримтлагдсан, дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ардчилсан ертөнцийн тэргүүлэх гүрний нэг, гуравдагч хөрш Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологоор хамтран ашиглана. Францын ЗГ “Орано” группын 89,99 хувийг хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагсадтай, дэлхийн ТОП 3 компанийн нэг юм. Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна. Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой. Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ. Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 2 дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2 дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ. Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид бүтэц зөв бол бүх зүйл зөв гэдэг зарчмаар өөрчлөлт эхлүүлж, олон жил гацаж хүлээгдэж байсан томоохон төслүүд нь ийнхүү хөдөлж эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй айлчлалын үеэр гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, мега төслүүдээ хөдөлгөх зэрэг бодит үр дүнгүүд гарсан яриа хэлцлүүд өрнөж байна.