ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээнд судалгаа хийж, процессын дахин инженерчлэлийн ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд ХНХЯ-нд явуулсан судалгаа, хийгдэх ажлууд бэлэн боллоо.
Иргэн зөвхөн иргэний үнэмлэхээрээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ авах боломжтой болж байна. Нийгмийн даатгал нь иргэдэд 96 үйлчилгээ үзүүлдгийн 70% нь цаасаар, нийгмийн халамж нь 72 үйлчилгээ үзүүлдгийн 68% нь цаас нэхэж байна. Харин ЗГХХГ-аас эдгээрийн 53-ыг цаасаар нэхэх шаардлагагүй гэж үзлээ.

Нэг ч иргэн групп тогтоох хуралд өөрийн биеэр очих шаардлагагүй. Эмнэлэг хяналтын хурал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал нь иргэнийг биеэр ирж хуралд оролцуулдаг нь дунджаар 1 иргэн 455 минутын хугацаа зарцуулж байна. Энэ хэрээр ихээхэн зардал, чирэгдэл учирдаг. Тиймээс хурлуудыг нэгтгэж, дахин биеэр ирдэг процессыг болиулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар иргэдтэй хамгийн их тулж ажилладаг ч дамжлага их, цаасан суурьтай процесстой гэж хэлж болно. Тиймээс төрийн үйлчилгээний байгууллага иргэний өмнөөс архивын лавлагаа авах, цахимаар дуудлага хийх, чат бичих, цаг захиалах зэрэг хялбар процессыг бий болгож байна.

Эдгээр шинэчлэлийг хийж чадсанаар үйлчилгээний хүртээмж 2 дахин нэмэгдэж, иргэн төрийн үйлчилгээг асуух бус төр үйлчилгээгээ санал болгодог процесс бий болж байна. Төр үйлчилгээнийхээ стандартыг шинэчилснээр иргэнд хүрч буй үйлчилгээ хялбар бөгөөд энгийн болох юм.

Recent Comment