Шинэ хоршоо хөдөлгөөн улс орон даяар эхэллээ

Шинэ хоршоо хөдөлгөөн улс орон даяар эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, батлагдсан. Тус хуулийн хүрээнд Засгийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжүүлэхээр болж, ийнхүү өнөөдөр (2024.04.26) улс орон даяар өрнөж эхэллээ. Тус хөдөлгөөний нээлтэд 3100 гаруй малчин, хоршооллын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, санал солилцоо. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд цаг үеийг сэтгэл зүтгэлээ нэгтгэн хамтдаа давсан малчдад талархал илэрхийлэв. Зудад нэрвэгдэж, санхүүгийн хүнд нөхцөлд орсон малчдад Засгийн газраас арилжааны банкны зээлийг нэг жилээр хойшлуулах, хүүгийн 25 хувийг малчин өөрөө, үлдсэнийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан талаар онцоллоо. Шинэ хоршоо хөдөлгөөн бол зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг тодотгов.  

            Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчдад 6 хувийн хүүтэй, 50 сая төгрөг хүртлэх хөрөнгө оруулалтын зээлийг урт хугацаанд олгож, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурь тавьж байгааг малчдад танилцууллаа. 

Таван их наяд төгрөгийн уг хөтөлбөр урт хугацаанд хэрэгжинэ. Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээс гаргах учраас төр мөнгө тараах, хэдхэн сарын дотор таван их наяд төгрөгийн зээл гаргах ямар ч боломжгүй. Харин малчид хоршоолж, хөрөнгө оруулалтын зээлээрээ анхан шатандаа боловсруулалт хийж зах зээлд амжилттай нийлүүлж чадвал арилжааны банкны зээл олголт нэмэгдэх боломжтой юм. Малчид хамтдаа мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулах, мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах, ногоон тэжээл тарих зэрэг олон боломж байгааг хуулийн төсөл санаачлагчид танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар малчдын сарын орлого 1,5 сая төгрөг, зардал нь 2,1 сая төгрөг байна. Сар бүр 600 000 төгрөгийн алдагдалтай ажиллаж амьдарч буй малчид энэ хэвээр байвал ядуурал руу улам бүр орж байна гэсэн судалгаа гарчээ. Бэлчээрийн даац хэтэрч, хангалттай ашиг шимээ авч чадаагүй мал зуданд их хэмжээгээр хорогдлоо. Цаашид байгаль цаг уурын өөрчлөлтөөр зудын давтамж нэмэгдэх магадлалтай учраас мал аж ахуйн салбарт шинэчлэл хийх зайлшгүй цаг үе иржээ. Тиймээс Засгийн газар Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлж, малчдын сарын орлого дунджаар 5 сая төгрөгт хүрнэ гэж тооцоолж байна. Ингэснээр мал аж ахуйн салбарын ДНБ-д үзүүлэх нөлөө 30 хувьд хүрнэ гэж үзжээ. Нөгөө талаас мал аж ахуйн салбарын орлого нэмэгдэж чадсанаар Монгол Улс  мал аж ахуйн орон хэмээх статусаа хадгалж, уламжлалт нүүдэлчин ахуй соёл хамгаалагдах учиртай. 

            Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчдад мэдээлэл авч, баг сумаараа уулзалт хийж эхэлжээ. Тэд хоршиж, ямар үйлдвэрлэл хийх боломжтой талаар ярилцаж байна. Мал аж ахуйн салбарт урьд өмнө ийм хэмжээний шинэчлэл огт хийгдэж байгаагүй, харин зудаас үүдэлтэйгээр өөрчлөлт хийхээр болсонд талархалтай байгаагаа илэрхийллээ.