Шинэ хоршоо хөдөлгөөн улс орон даяар эхэллээ

Шинэ хоршоо хөдөлгөөн улс орон даяар эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, батлагдсан. Тус хуулийн хүрээнд Засгийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжүүлэхээр болж, ийнхүү өнөөдөр (2024.04.26) улс орон даяар өрнөж эхэллээ. Тус хөдөлгөөний нээлтэд 3100 гаруй малчин, хоршооллын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, санал солилцоо. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд цаг үеийг сэтгэл зүтгэлээ нэгтгэн хамтдаа давсан малчдад талархал илэрхийлэв. Зудад нэрвэгдэж, санхүүгийн хүнд нөхцөлд орсон малчдад Засгийн газраас арилжааны банкны зээлийг нэг жилээр хойшлуулах, хүүгийн 25 хувийг малчин өөрөө, үлдсэнийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан талаар онцоллоо. Шинэ хоршоо хөдөлгөөн бол зөвхөн хөдөө аж ахуйн салбарын асуудал бус Засгийн газраас бодлогын түвшинд хэрэгжүүлэх реформ гэдгийг тодотгов.  

            Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчдад 6 хувийн хүүтэй, 50 сая төгрөг хүртлэх хөрөнгө оруулалтын зээлийг урт хугацаанд олгож, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч болох суурь тавьж байгааг малчдад танилцууллаа. 

Таван их наяд төгрөгийн уг хөтөлбөр урт хугацаанд хэрэгжинэ. Хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банк өөрийн эх үүсвэрээс гаргах учраас төр мөнгө тараах, хэдхэн сарын дотор таван их наяд төгрөгийн зээл гаргах ямар ч боломжгүй. Харин малчид хоршоолж, хөрөнгө оруулалтын зээлээрээ анхан шатандаа боловсруулалт хийж зах зээлд амжилттай нийлүүлж чадвал арилжааны банкны зээл олголт нэмэгдэх боломжтой юм. Малчид хамтдаа мал бордох чиглэлийн үйл ажиллагаа, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулах, мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, худаг, уст цэг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь ажиллуулах, мах, сүү бэлтгэх, боловсруулах, ногоон тэжээл тарих зэрэг олон боломж байгааг хуулийн төсөл санаачлагчид танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар малчдын сарын орлого 1,5 сая төгрөг, зардал нь 2,1 сая төгрөг байна. Сар бүр 600 000 төгрөгийн алдагдалтай ажиллаж амьдарч буй малчид энэ хэвээр байвал ядуурал руу улам бүр орж байна гэсэн судалгаа гарчээ. Бэлчээрийн даац хэтэрч, хангалттай ашиг шимээ авч чадаагүй мал зуданд их хэмжээгээр хорогдлоо. Цаашид байгаль цаг уурын өөрчлөлтөөр зудын давтамж нэмэгдэх магадлалтай учраас мал аж ахуйн салбарт шинэчлэл хийх зайлшгүй цаг үе иржээ. Тиймээс Засгийн газар Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлж, малчдын сарын орлого дунджаар 5 сая төгрөгт хүрнэ гэж тооцоолж байна. Ингэснээр мал аж ахуйн салбарын ДНБ-д үзүүлэх нөлөө 30 хувьд хүрнэ гэж үзжээ. Нөгөө талаас мал аж ахуйн салбарын орлого нэмэгдэж чадсанаар Монгол Улс  мал аж ахуйн орон хэмээх статусаа хадгалж, уламжлалт нүүдэлчин ахуй соёл хамгаалагдах учиртай. 

            Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчдад мэдээлэл авч, баг сумаараа уулзалт хийж эхэлжээ. Тэд хоршиж, ямар үйлдвэрлэл хийх боломжтой талаар ярилцаж байна. Мал аж ахуйн салбарт урьд өмнө ийм хэмжээний шинэчлэл огт хийгдэж байгаагүй, харин зудаас үүдэлтэйгээр өөрчлөлт хийхээр болсонд талархалтай байгаагаа илэрхийллээ. 

МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫХОО ЭРДЭС БАЯЛГААС ӨГӨӨЖ ХҮРТЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын 3,4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болж, ногдол ашгаа хүртэж байна. 

Авлигатай тэмцэж, Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, Эрдэнэс Монгол ХХК-ийн бүтцийг шинэчилж чадсанаар эх орныхоо баялгаас хүртэх үр өгөөжийг бодит болгож чадлаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, иргэдэд ногдож буй 27 хувиар тооцоход нэгж хувьцаанд 108 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104 000 төгрөг олгож эхэллээ. 

Компанийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3,2 их наяд төгрөгийн ашиг гарч байгаа нь иргэдэд ногдож буй 27 хувиар тооцоход нэгж хувьцаанд 267 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 257 000 төгрөг олгохоор байна. 

Цаашид компанийн ашигт ажиллагаа нэмэгдэхийн хэрээр иргэнд очих үр өгөөж өсөх болно. Үүний тулд төрийн өмчит компаниудын шинэчлэлийг үргэлжлүүлж, ил тод нээлттэй байдлыг дэмжин ажиллана.

Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхт 32 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхт 32 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

Бид шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан улс болохоо зарлан тунхагласан билээ.

Үндсэн хууль урт настай байх нь улс оронд тогтвортой байдлыг бий болгодог. Харин цаг үеэ олсон өөрчлөлт нь Үндсэн хуулийн үйлчлэлийг уртасгадаг. Улсын хөгжил, нийгмийн харилцааны түвшин, иргэн хүний амьдралын чанарын эх суурийг Үндсэн хууль тавьдаг учир өөрчлөгдөж, хөгжиж буй нийгмийн хэрэгцээг цаг тухай бүрд хангаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгцээ бодитой үүсдэг. Бидний хувьд шинэ улс төрийг төлөвшүүлж, бодлогоор өрсөлддөг, шийдлээ уралдуулдах шаардлага бий болсон.

Иймээс Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн оны 5-р сарын 31-нд батлагдаад байна. Ийнхүү УИХ-ын гишүүний тоо 126 болж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой болов.

Энэ бол эрх мэдлийн хэт их төвлөрлийг бууруулж, нийгмийн олон талын дуу хоолой парламентад ажиллах боломжийг бий болгох тоо, тогтолцооны өөрчлөлт юм. Ингэснээр тойргийн явцуу эрх ашигт хөтлөгдөх бус, бодлогоор өрсөлддөг, шийдэл ярьдаг, мэтгэлцдэг, зөвшилцлийн улс төр бий болох учиртай.

Үндсэн хуулийн шинэ 30 жил эхэлж, шинэ улс төрийг бий болгох үүргээ ийнхүү гүйцэтгэж эхэллээ. Ардчилал, нийгмийн дуу хоолой улам хүчтэй болж, парламентын засаглал улам бэхжих өдрүүд айсуй.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 2022 оны  дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулиар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихаар хуульчилсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хангаж, хэрэгжилтийн хүрээнд хэмнэж байгаа зардал, орон тоо, цалингийн санг бууруулснаар, мөн

  • хуульд заасан автомашин хэрэглэхийг хязгаарлах,
  • төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх,
  • албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих,
  • төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх,
  • албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах,
  • цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсан байна.

Уг хуулийг цаашид орон нутгийн төсвийн байгууллага байгууллага, албан тушаалтан нэг мөр ойлгож, хуулийн үндсэн зорилтыг хангаж, үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлыг судлан, тодорхойлсны үндсэн дээр дараах өөрчлөлтийг тусган Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

  1. Төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж чиг үүрэгтэй аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон  төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллагыг автомашин ашиглах байгуулага, үйлчилгээнд буюу хуулийн 6.5 дахь хэсэгт нэмж тусгасан. 
  2. Төсвийн байгууллага, албан тушаалтны гар утасны зардлыг санхүүжүүлэхийг хориглосон зохицуулалтыг өөрчилж, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн гар утасны зардлыг санхүүжүүлэхээр хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан.
  3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 8 дугаар зүйл буюу дүрэмт хувцастай холбоотой зохицуулалтад зарим байгууллагын тусгай хувцастай холбоотой зохицуулалтыг тусгасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байгаа тул хуулийн дээр дурдсан 8 дугаар зүйлээс “эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас” гэснийг хасахааар төслийн 3 дугаар зүйлд тусгасан аж.

Хуулийг баталснаар байгаль, цаг уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилтийн хүндэрсэн нөхцөл байдлын үед орон нутаг дахь төсвийн байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх бөгөөд төсвийн сахилга бат, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн горим үргэжлэн хэрэгжихийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой гэжээ.

Эх сурвалж: УИХ, ХМОНХХ

Процессын дахин инженерчлэлийн ажлыг зохион байгуулж байна

Процессын дахин инженерчлэлийн ажлыг зохион байгуулж байна

ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээнд судалгаа хийж, процессын дахин инженерчлэлийн ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд ХНХЯ-нд явуулсан судалгаа, хийгдэх ажлууд бэлэн боллоо.

✅Иргэн зөвхөн иргэний үнэмлэхээрээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ авах боломжтой болж байна. Нийгмийн даатгал нь иргэдэд 96 үйлчилгээ үзүүлдгийн 70% нь цаасаар, нийгмийн халамж нь 72 үйлчилгээ үзүүлдгийн 68% нь цаас нэхэж байна. Харин ЗГХХГ-аас эдгээрийн 53-ыг цаасаар нэхэх шаардлагагүй гэж үзлээ.

✅Нэг ч иргэн групп тогтоох хуралд өөрийн биеэр очих шаардлагагүй. Эмнэлэг хяналтын хурал, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал нь иргэнийг биеэр ирж хуралд оролцуулдаг нь дунджаар 1 иргэн 455 минутын хугацаа зарцуулж байна. Энэ хэрээр ихээхэн зардал, чирэгдэл учирдаг. Тиймээс хурлуудыг нэгтгэж, дахин биеэр ирдэг процессыг болиулж байна.

✅Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар иргэдтэй хамгийн их тулж ажилладаг ч дамжлага их, цаасан суурьтай процесстой гэж хэлж болно. Тиймээс төрийн үйлчилгээний байгууллага иргэний өмнөөс архивын лавлагаа авах, цахимаар дуудлага хийх, чат бичих, цаг захиалах зэрэг хялбар процессыг бий болгож байна.

Эдгээр шинэчлэлийг хийж чадсанаар үйлчилгээний хүртээмж 2 дахин нэмэгдэж, иргэн төрийн үйлчилгээг асуух бус төр үйлчилгээгээ санал болгодог процесс бий болж байна. Төр үйлчилгээнийхээ стандартыг шинэчилснээр иргэнд хүрч буй үйлчилгээ хялбар бөгөөд энгийн болох юм.